
2025 оны 9 дүгээр сарын 2, Мягмар гараг
МОНГОЛЫН НООСНЫ САЛБАРТ ШИНЭ ЗУУНЫ ӨДӨР – ШИНЭ ЗЕЛАНДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ
Улаанбаатар хот – Ирэх зургаан жилийн хугацаанд буюу 2031 он хүртэл нийт 5000 залуу малчин Монголчууд Шинэ Зеландын мэргэжилтнүүдээс хонины ноос хяргах болон ноосны ангилан ялгах, ноосны салбарын менежментийн дэлхийн түвшний сургалт авч чадваржина.
Ирэх зунаас эхлэн мөн зургаан жилийн хугацаанд Монголын нийт 330 сумаас 200 сум орчин үеийн, дэлхийн стандартын Шинэ Зеландын хяргах тоног төхөөрөмжөөр хангагдана.
Эдгээр ажлууд өнөөдөр Улаанбаатар хотын Төрийн ордонд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Шинэ Зеландын Share Mongolia байгууллагын хооронд байгуулсан түүхэн Санамж бичигт тусгагджээ.
Баримт бичгийг Монгол Улсын ХХААХҮ-ийн Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц. Болорчулуун болон Share Mongolia-гийн үүсгэн байгуулагч, дарга Паул Броу нар гарын үсэг зурсан байна.
Гэрчээр Шинэ Зеландын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерри Браунли, Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэвэгийн Амарбаясгалан нар оролцож, хоёр улсын парламентын гишүүд (түүнчлэн УИХ-ын гишүүн М. Ганхүлэг, М. Мандхай) болон төрийн өндөр албан тушаалтнуудын хамт ёслолд хүрэлцэн ирэв.
Ёслол Монгол төрийн хүч чадал, тусгаар тогтнол, эв нэгдлийн билэгдэл болсон Есөн цагаан тугны өмнө зохион байгуулагдсанаараа онцлог байлаа.
Share Mongolia-г 2019 онд Паул Броу болон Монголын бизнесийн манлайлагч Ш. Дэлгэрмаа нар үүсгэн байгуулсан бөгөөд үүнээс хойш 19 суманд 30 удаагийн сургалт зохион байгуулж, 500 гаруй залуу малчдыг хамруулжээ.
Шинэ Зеландын хяргах технологийг нэвтрүүлснээр Share Mongolia-ийн сургалтад хамрагдсан малчид бүтээмжээ даруй 10 дахин нэмэгдүүлсэн байна.
Мөн хоёр улсын хяргагчид харилцан туршлага судлах солилцоог зохион байгуулсан бөгөөд анхны Монгол хяргагчид Шинэ Зеландын Мастертон хотод жил бүр зохиогддог Дэлхийн хяргагчдын аварга шалгаруулах “Алтан хайч” тэмцээнд оролцсон. Дараагийн хяргагчид 2025 оны 12 сард Шинэ Зеланд руу явахаар бэлтгэл ажлаа хангасан байна.
Өнөөдрийн Санамж бичгийн дагуу Share Mongolia:
ХХААХҮЯ нь уг төслийн санхүүжилтийг Монгол Улсын Засгийн газар, олон улсын байгууллага, ТББ-ууд болон хувийн хэвшлээс зохих ёсоор зохион байгуулах, дэмжихээр болсон байна.
Мөн хоёр тал Монголын мал аж ахуйн холбоодын хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага солилцох ажлыг хамтран зохион байгуулна.
Энэхүү Санамж бичгийн санал нь 2025 оны зургадугаар сард зохион байгуулсан Монголын анхны улсын хэмжээний хяргах тэмцээнээс улбаатай бөгөөд уг тэмцээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцсон юм.
Үүний дараагаар ХХААХҮ-ийн сайд Ж. Энхбаяр Share Mongolia-ийн сургалтыг улс даяар тэлэхээс гадна бүх сумдыг Шинэ Зеландын хяргах технологиор тоноглох санал гаргасан.
Паул Броу хэлэхдээ: “Share Mongolia бол миний хувийн чин хүсэл байсаар ирсэн бөгөөд хэдэн жилийн турш өөрийгөө батлан харуулсан. Одоо бид энэ ажлыг өргөжүүлж, 5000 залуу Монгол хяргагч бүтээмжээ арван дахин нэмэгдүүлж, өөрийн гэсэн хяргах бизнесээ эхлүүлэх боломжтой болж, 2031 он гэхэд Монгол Улс бүрэн бие даасан салбартай болох цаг ирлээ” гэв.
Ш. Дэлгэрмаа хэлэхдээ:“Share Mongolia бол миний хувьд анх үйлдвэрийн түүхий эдээ бэлтгэх чиглэлээр хамтран ажиллаж байсан бол өнөөдөр Монголын малчдын үр шимийг нь хүртэх , ажлын байр бий болгох, чадавхижих цаг болсон.
Шинэ Зеландын мэдлэг, технологийг Монголд нэвтрүүлснээр гарсан бүтээмжийн өсөлт бүх хүний төсөөллөөс давсан бөгөөд энэ нь Ерөнхийлөгч Хүрэлсүхийн ‘цагаан алт’-ны үзэл санааг бодит болгоход нэн хэрэгтэй” гэлээ.