• Холбоо барих утас : +976-9999-9517; +976-8811-7888; +976-9999-5249
  • Цахим шуудан : sales@monpellets.com

Органик үйлдвэрлэгч

Органик үйлдвэрлэгч

Монгол улсад 2016- 2018 онуудад Органик хүнсний тухай хууль, түүний дагалдах журмууд батлагдсанаар ХАА-н хүнс үйлдвэрлэгчид Органик хүнсний стандарттай болж, түүний дагуу үйлдвэрлэлээ явуулж, бүтээгдэхүүнээ албан ёсоор баталгаажуулж, зохих шошго тэмдгийг ашиглах хууль эрхзүйн орчин бэлэн болсон билээ.

Дээрх хуулиар органик хүнсний ХАМТЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН хэлбэрийг баталснаар органик хүнс, тэжээл, бордооны баталгаажуулалтыг үйлдвэрлэгчид болон хэрэглэгчид хамтран органик хүнсийг баталгаажуулах боломжтой болсон. Ингэснээр хэрэглэгчид нь хүнс үйлдвэрлэлийн явцад хяналт тавьж, баталгаажуулалтанд оролцдог, баталгаажуулсан хүнсээ итгэл төгс худалдан авч, бусдад түгээн дэлгэрүүлдэг ач холбогдолтой билээ.

 

“ОРГАНИК ХӨГЖИЛ” ХАМТЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН БАЙГУУЛЛАГА (ХББ) нь УБ хот орчмын үйлдвэрлэгчид, хэрэглэгчид, мэргэжлийн зөвлөхүүдээс бүрдсэн байгууллага юм. 2018 онд байгууллагдаж, Монгол улсдаа хамгийн анхны органик хүнсний баталгаажуулалтыг “Гэр Гарден Органик” ХХК-ийн нарийн ногооны аж ахуйд хийсэн бөгөөд одоогоор нийт 5 гишүүн үйлдвэрлэгчийнхээ бүтээгдэхүүнд органик баталгаажуулалт хийж, гишүүддээ бодит өгөөжийг хүртээн амжилттай ажиллаж буй байгууллага болсон байна.

 

Манай байгууллага нь Органик хүнсний хууль болон дагалдах стандарт, журмуудад нийцүүлэн органик үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг харилцан итгэлцэлд тулгуурлан үйлдвэрлэгч, хэрэглэгч, мэргэжлийн зөвлөхүүдийн төлөөлөл оролцсон аудитын багийг томилон баталгаажуулалтыг явуулах ба баталгаажуулалтын үр дүнд бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн баталдаг билээ. Баталгаажуулалт хийгдсэний дараа Үйлдвэрлэгчтэй “Органик үйлдвэрлэлийн гэрээ”-г байгуулан ажилладаг. Гэрээнд тусгасны дагуу ХББ нь жил тутамд төлөвлөгөөт аудитыг хийх үүрэгтэй ба бүтээгдэхүүнтэй холбоотой санал гомдол ирсэн тохиолдолд төлөвлөгөөт бус аудитыг явуулах бүрэн эрхтэй байдаг. Бүтээгдэхүүнд баталгаажилт хийгдсэний дараа бүтээгдэхүүний мэдээллийг ХХААХҮЯ-нд илгээн албан ёсоор бүртгүүлсний дараа “Органик шошго” ашиглах эрхтэй болдог. Албан ёсны шошго авсан бүтээгдэхүүний мэдээллийг https://organic.gov.mn/ вебсайтаас авч болно.

“Монпеллетс” ХХК нь 2021 оны 3-р сард гишүүнээр элсэх хүсэлт гарган “Тангараг” өргөснөөр манай албан ёстны гишүүн болж бүртгэгдсэн байна. Тус компани нь өөрийн үйлдвэрлэдэг “Хонин ноосон органик бордоо” бүтээгдэхүүний органик үйлдвэрлэлийн баталгаажилт хийлгэх хүсэлтээ бидэнд 2021 оны 10-р сард ирүүлснийг хүлээн авч Аудитын багийг томилон үйлдвэрийн үйл ажиллагаа, холбогдох бичиг баримттай нарийвчлан танилцсаны үндсэн дээр Аудитын тайланг гаргаж 2021 оны 12-р сарын 24-ний өдрийн Бүх гишүүдийн ээлжит хурлаар хэлэлцүүлэн, “100% органик” ногоон шошго олгохоор шийдвэрлэсэн билээ.